top of page

Жорлонгийн суултуурыг хэрхэн солих вэ?


Жорлонгийн суултуур нь тэр болгон солиод байхааргүй бат бөх эд боловч загвар дизайн нь хоцрогдсон эсвэл хагарч эмтэрсэн, ус их зарцуулдаг гэх мэт шалтгаанаар солих шаардлага гарч болно. Жорлонгийн сууриар ус шүүрч байвал лаван кольцо нь муудсан гэсэн үг бөгөөд суултуурыг авч дахин суурилуулах хэрэгтэй. 


Юу хэрэгтэй вэ? 

  • Ус шингээх том порлоон/алчуур

  • Хувин

  • Сантехникийн бахь

  • Гаазуу

  • Төмрийн хөрөө (шаардлагатай бол)

  • Шпатель

  • Тэгш ус


Ашиглах материал:

  • Шинэ суултуур

  • Суултуурын жийрэг (хэрэглэх хэмжээгээр)

  • Ваксан кольцо

  • Силикон чигжээс (шаардлагатай бол)


Зааварчилгаа: 

  1. Жорлонгийн усыг шавхах. Жорлонгийн усны хоолойг хаалтаар нь хаана. Усны почкиг хоосортол усыг нь татаж султгана. Почкины тагийг авч аюулгүй газар тавиарай. Порлооноор үлдсэн усыг нь шингээж аваад усгүй болтол цэвэрлэнэ. 

  2. Холбогч гайкийг суллах. Сантехникийн бахиар почкинд холбосон усны хоолойг суллаж салгана. Суултуурыг шалтай бэхэлсэн боолтны бүрээсийг авна. Гаазуугаар боолтуудыг суллаж авна. Хэрвээ боолтууд зэвэрч салахгүй болсон бол төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салгаарай. 

  3. Суултуурыг авах. Ганцаараа өргөхөд хэцүү тул хэн нэгний тусламжтайгаар суултуурыг сууринаас нь өргөж аваарай. Хуучин суултуураа урьдчилж бэлдсэн сонин, хуучин даавуу гэх мэт гадаргуу дээр зөөлөн тавина. 

  4. Суурийг шалгах. Суултуурыг хажуу бөөрөөр нь газарт тавина. Жорлонгийн доод хоолойн хуучин ваксан кольцог хусаж авна. Мөн шаланд суурилуулсан суурины амсараас ваксыг хусч цэвэрлэнэ. Хэрвээ суурины амсар эвдэрсэн бол шинээр сольж хийх шаардлагатай.

  5. Шинэ суултуурыг шалгах. Шинээр тавих суултуурыг эхлээд суурийн амсар болон боолтны нүхнүүд нь тохирч байгаа эсэхийг тавьж шалгах хэрэгтэй. Мөн суултуур тэгш байрласан эсэхийг тэгш усаар шалгана. Хэрвээ суултуурыг тэгшлэх хэрэгтэй бол ган эсвэл хуванцар жийрэг хийнэ. 

  6. Ваксан кольцо тавих.  Жорлонгийн суурийн бохир зайлуулах нүхний амсарт шинэ ваксан кольцог хийж зөөлөн дарж оруулна. Ваксан кольцог газарт тавихад дахин ашиглах боломжгүй болдог тул суурилуулах явцдаа болгоомжтой байх хэрэгтэй. Сүүлийн үед хөөсөн кольцо хэрэглэх болсон нь хэрэглэхэд хялбар, дахин ашиглаж болдог давуу талтай. 

  7. Суурилуулах. Суурийн боолтуудын нүхийг тааруулж жорлонгоо суулгана. Эхлээд почкигүй дан суултуураа байрлуулаарай. Суултуурыг зөөлөн хөдөлгөж сууриндаа сайтар суутал нь дарна. 

  8. Боолтуудыг чангалах. Боолт, шайб зэргийг дарааллын дагуу хийж чангална. Боолтуудыг чангалахдаа ээлжилж бага багаар зэрэг чангалах хэрэгтэй. Хэтэрхий чангалвал суурь хагарах аюултай. 

  9. Дуусгах. Почкиг суурилуулсны дараа шинэ суултуурт усны хоолойг холбоно. Усны хаалтыг нээж почкиг дүүргээд эхний удаад усаа бүрэн татаж хэвийн ажиллагааг нь шалгана. Усны хоолойн эргэн тойрон болон жорлонгийн сууринаас ус шүүрч байгаа эсэхийг нягтлаарай. Шаардлагатай бол жорлонгийн суурийг тойруулж силиконоор битүүлж болно. Ус шүүрч байвал даруйд нь мэдэх боломжтой байх зорилгоор зарим сантехникчид жорлонгийн суурийн арын хэсгийг силикон түрхэлгүй үлдээх нь ч бий. 



Эх сурвалж: thespurce.com


0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

Komentarze


bottom of page