top of page

Гэрлийн чийдэн хурдан шатдаг 9 шалтгаан


Уламжлалт улайсах гэрлийн чийдэн 900 цаг орчим асах хугацаатай байдаг. Өдөрт 8 цаг асаалттай байна гэвэл энэ нь ойролцоогоор 4 сар асна гэсэн үг. CFL (compact fluorescent bulbs) буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь харьцангүй удаан хугацаанд асдаг. Саяхан сольсон чийдэн хурдан шатаад байвал суурилуулалт эсвэл цахилгааны холболтын асуудалтай байж болзошгүй. 


Таны танин мэдэхүйд:

Гэрэл асаахад чийдэн рүү цахилгааны хүч огцом явж очдог. Тийм учраас чийдэн шатах нь ихэнхдээ гэрэл асаахад таардаг байна. Гэрлээ байнга асааж унтраадаг бол чийдэнгийн ашиглалтын хугацаа тэр хэмжээгээр богиносно гэж ойлгож болно. 


1. Гэрийн цахилгаан хүчдэл хэт өндөр байх.

Цахилгаан хүчдэл өндөр бол гэрлийн чийдэнгүүд хурдан шатдаг. Тиймээс үчдэл хэмжигч багажаар гэрийнхээ цахилгааныг шалгаж болно (үүнийг хэрхэн аюулгүй хийхийг мэддэг бол шүү дээ. Мэдэхгүй бол мэргэжлийн хүнд хандаарай) Хэрвээ хүчдэл байх ёстойгоос өндөр байвал цахилгаанчинд хандах мөн цахилгаан түгээх компаниас зөвлөгөө авах хэрэгтэй. 


2. Гэрэл суурилуулсан хэсэг хэт их хөдөлгөөнтэй байх

Хэт их хөдөлгөөнтэй, чичиргээтэй байх нь чийдэн хурдан шатахад нөлөөлдөг байна. Үүний нэг жишээ нь таазны сэнстэй гэрэл юм. Сэнс эргэлдэхдээ тэнцвэрээ алдаж савлах нь чийдэнд нөлөөлж асах хугацааг нь богиносгож байдаг. Мөн гараашны хаалганы дээр байрлуулсан гэрэл ийм шалтгаанаар хурдан шатдаг. Иймд чичиргээнд илүү тэсвэртэй сайн гэрэл суурилуулах хэрэгтэй.


3. Чийдэнгийн суурь чихэгдэж орсон байх

Гэрлийн чийдэнгийн суурины үзүүр дэх металь орой нь цахилгаан гүйдлийг дамжуулагч юм. Хэрвээ гэрлийн патроны тэр оройн хэсэгтэй хүрэлцэх хэсэг нь чихэгдэж доошоо суусан бол холболт үүсч чадахгүй болно. Энэ нь чийдэн шатсан бус цахилгаанд холбогдоогүй учраас аасахгүй байгаа юм. Иймд патроны чихэгдсэн хэсгийг буцааж түлхээд чийдэнгээ хийгээд үзээрэй. 


4. Буруу чийдэн хэрэглэх

Өдрийн гэрэл нь улайсах гэрлээс хамаагүй урт хугацаанд буюу ойролцоогоор 10,000 цаг ажиллах нормтой боловч энэ хугацаандаа бараг хэзээ ч хүрдэггүйг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ гэрлийг байнга унтрааж асаадаг бол ажиллах хугацаа нь богиносч 3000 цаг болдог. 


Асуудлыг хэрхэн шийдэх вэ: LED гэрлийн чийдэнгээр солих. LED гэрэл нь бага хэмжээний цахилгаан зарцуулдаг бөгөөд 40-50 жил ажиллах чадвартай, энерги бага зарцуулдаг мөн хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй байна. 


5. Холболт салж нийлэх/гэрэл анивчих

Гэрлийн чийдэн патроноос суларсан бол анивчиж эхэлдэг. Энэ тохиолдолд чийдэнгээ эргүүлж чангалах хэрэгтэй. Өөр нэг шалтгаан нь патроны утаснууд салсан, эсвэл патрон өөрөө хуучирч муудсан байж болно. Энэ тохиолдолд патрон эсвэл гэрлийн суурийг бүхэлд нь солих шаардлагатай. 


Асуудал алинд нь ч байсан гэрэл анивчиж, асч унтрах нь чийдэнгийн ажиллах хугацааг богиносгодог. Сул холболт нь цахилгаан эсэргүүцлийг нэмэгдүүлж чийдэнг хурдан шатаадаг байна. 


6. Богино холболт үүсэх

Гэрлийн чийдэн гэнэт бүхэлдээ харлаж, ажиллахгүй болох тохиолдол бий. Чийдэн гэлтгүй бүхий л цахилгаан хэрэгсэлд богино холболт гэх зүйл үүсч шатдаг. Богино холболтыг энгийн үгээр тайлбарлавал цахилгаан гүйдэл цахилгаан дамжуулах утаснаас хальж гарах үзэгдэл юм. Энэхүү гэнэтийн цахилгаан гүйдэл нь хамгаалалтын унтраалгыг ажиллагаагүй болгож чийдэн болон бусад цахилгаан хэрэгсэл шатдаг байна. 


Богино холболт үүсэх шалтгаан нь цахилгааны утас асуудалтай, патрон эсвэл суурь сэвтэй байж болно. 


7. Сууриндаа хэт томдсон гэрэл

Ихэнх гэрэл хэдэн ваттын чийдэн хэрэглэхээ зааж тэмдэглэсэн байдаг. Чийдэн ойр ойрхон шатаад байвал тохирсон ваттын гэрэл ашиглаж байгаа эсэхээ шалгахад илүүдэхгүй. CFL эсвэл LED гэрэл нь маш бага ваттаар ажилладаг тул тэр болгон асуудал үүсгэхгүй. Харин улайсах гэрэлд энэ нь хурдан шатах шалтгаан байж болзошгүй. Хэт өндөр ваттын гэрэл хэрэглэх нь чийдэнгийн хугацааг богисгохоос гадна хэт халалт үүсгэж, суурины цахилгаан утаснуудыг хайлуулж гэмтээх эрсдэлтэй. 

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: Тохирсон ваттын чийдэн хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлээр солих


8. Нүдэн гэрлийн битүүмжлэл

Зарим нүдэн гэрлийг битүү зайд суулгахад асуудалгүй байдаг бол хуучин загварын гэрлүүд нь битүүмжлэлгүй, ардаа дор хаяж 3 инч орчим сул зайтай байх ёстой байдаг. Гэрэл хэт халснаар анивчиж эхлэн, яваандаа шатдаг. Хэт халсан гэрлээс шалтгаалж гал гарах ч эрсдэлтэй байдаг. Иймд IC стандартын битүүмжлэлд халддаггүй нүдэн гэрэл хэрэглээрэй. 


9. Буруу төрлийн бүдгэрүүлэх унтраалга хэрэглэх

Бүдгэрүүлдэг горимтой гэрэлтэй бол буруу төрлийн ханын унтраалга хэрэглэж байж болзошгүй. Ихэнх ханын бүдгэрүүлдэг унтраалга нь хуучин төрлийн буюу улайсах гэрэлд зориулагдсан байдаг тул CFL, LED чийдэнд тохирохгүй. Иймд шинэ стандартын бүдгэрүүлэх унтраалга суулгаарай. 



Эх сурвалж: thespurce.com


0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

Комментарии


bottom of page